“Говийн тавдугаар ноён хутагт Лувсанданзанравжаа 19-р зуун буюу 1851 онд Өвөр баясгалант Хамарын хийдийн хойд талд орших энэ газарт шамбалын орны тэг бүтээж, овоо босгон өөрийн шавь нартайгаа Шамбалын оронд уулзах билэг ерөөл гүйцэтгэсэн нь эдүгээ бидний сэргээн байгуулаад буй “Шамбалын орон” хэмээгдэх ариун шүтээний газрын эх үндэс болсон юм. Хэдийгээр үүнээс бүр урьд жир бус газар гэгддэг байсан боловч чухам ийн нэрийдэгдэх болсон байна. Хүмүүн төрөлхийтөн ариусч гэгээрэн бурханы хутгийг олоход өөрийн сүсэг хийгээд хичээл зүтгэл туйлын чухал боловч цагийг эзэлсэн ихэс дээдсийн тавьсан ерөөлөөр алив бүхэн бүтэн дэгжих нь буй. Одоогоос 150-иад жилийн тэртээгээс энэ газар хүний сэтгэл ариуслын өвөрмөц зан үйл гүйцэтгэж ирсэн уламжлалтай бөгөөд тэдгээрийг бид эдүгээ сэргээн бүтээж аль болох олон хүний хүртээл болгохыг чармайцгааж байна. Энэ газарт билэг ерөөлийн үйл хийж “Шамбалын орон”-г байгуулсан тухай Ноён хутагт Лувсанданзанравжаагийн намтарт дурьдсан нь бий. Ардын уран зохиолч, академич, төрийн гурван удаагийн шагналт Ц.Дамдинсүрэн “Үлгэр домгийн жаргалант орон Шамбал” хэмээх судалгааны бүтээлдээ ч мөн энэ талаар дурьдсан байдаг. Оросын нэрт эрдэмтэн Николай Константинович Рерих олон жил Энэтхэг, Төвдийн уулсаар аялж үлгэр домгийн Шамбалын орныг хайсаар эцэстээ “Гэгээн Шамбал” хэмээх нэгэн ном бичиж үлдээжээ.
Мэдээллийг http://www.mongolfarmer.mn/ цахим хуудаснаас авч ашиглав.
Сэтгэгдлүүд:







