You are here:: Home
 
 

Сайншанд хотод тавтай морилно уу!

Sample Image

Сайншанд нь Дорноговь аймгийн төв юм. Хүн ам нь 21,147 (2010 оны тооллого). Улаанбадрах, Хөвсгөл, Сайхандулаан, Айраг, Алтанширээ, Өргөн сумдтай хиллэдэг. Улаанбаатараас 463 км зайтайд, далайн түвшнээс дээш 938 м өндөрт оршино.   234.6 га газар нутагтай. Сайншанд хот нь Хөвсгөл, Сайхандулаан, Айраг, Алтанширээ, Өргөн сумдтай хиллэдэг.

Эдийн засаг, хүн ам

Нийт 50 гаруй мянган толгой малтай, 291 малчин өрхтэй, 123 малчин өрх нь нарны болон салхины цахилгаан үүсгэвэртэй, хүн амын 92% нь хотын төвд амьдардаг. Үүнээс орон сууцанд 70% нь, төвлөрсөн халаалт, усан хангамжтай сууцанд 30% нь суудаг. Төмөр замын томоохон боомт хотуудын нэг. Аж үйлдвэрийн салбар өнгөрсөн онд 5.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 4.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулсан байна.

Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын ажил эрс нэмэгдэж хувийн болон төсвийн хөрөнгө оруулалтаар 27, 30, 40, 60*2 айлын орон сууц, 11 жилийн 2-р сургууль, 120 м3 багтаамжтай өнгөт гэрэлтүүлэгтэй усан оргилуур, гудамж талбай гэр хорооллын 16 ш шөнийн цамхагт гэрэлтүүлгүүд, мөсөн гулгуур, софт теннис, бие бялдаржуулах болон хүүхдийн тоглоомын талбай, зочид буудал, 26 метрийн алгаслалтай хүндэтгэлийн “Сайншанд” нуман хаалга, худалдаа үйлчилгээний барилгууд ашиглалтад орсон. Одоо усан спорт сургалтын төв, хүүхдийн ордон, 60, 64 айлын орон сууц, 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгууд шинээр баригдаж зарим нь ашиглалтад өгөхөд бэлэн болоод байна.

Засаг захиргааны хуваарь

Сайншанд нь дотроо Өвөр Сайншанд, Төмөр замын район буюу Ар Сайншанд, Өвөр Сайншандаас 50 орчим км зайтай байдаг Зүүнбаян багийг багтаасан 3 хэсэгтэй. Засаг захиргааны хувьд Өвөр Сайншандад 1, 2, 3-р баг, Ар Сайншандад 4-р баг, Зүүнбаянд 5-р багууд тус тус байрлаж байна.

Боловсрол

Одоогоор Өвөр, Ар Сайншандад 1, 2, 3-р 11 жилийн дунд сургууль, Зүүнбаянд 4-р 11 жилийн сургууль, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв, Анагаах Ухааны Дээд Сургууль, "Сэрүүлэг", "Соёмбо", "Газарчин" Дээд Сургуулийн салбар сургуулиуд болон "Төмөр замын" мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд үйл ажиллагаагаа явуулж байна.

Телевиз, радио, холбоо харилцаа

"Dornogobi's News" гэдэг хэвлэлтэй бөгөөд Sainshand Broadcasting Systems (SBS) буюу "Сайншанд" телевиз хажуудаа Сайншанд Fm 107.5 гэсэн хэт богино долгионы радиотойгоор, "Нарны Эрчим" Кабелийн телевиз нь Dornogobi Sainshand Broadcast (DSB) телевиз, "Миний нутаг" Fm 101.5 гэсэн хэт богино долгионы радиотойгоор, мөн 2009 оны 12-р сарын 12-нд шинээр Сонгодог fm104.5 радио ашиглалтанд орон Сайншанд хотод үйл ажиллагаагаа явуулж байна бөгөөд 2010 оны 4-р сард тус радиогийн харьяа MNT телевиз шинээр ашиглалтанд орсон. "Өнөөдрийн ялалт", "Дорноговийн мэдээ" зэрэг хоёр долоо хоногт тутам хэвлэгддэг хэвлэлтэй. Мөн Улаанбаатар хотын Best fm 98.5 долгион шууд цацагддаг.

Мөн Сайншанд хот нь "Зууны лавлах" 01255-1109, "Сайншанд лавлах" 01255-1800 гэсэн 2 тогтмол лавлахтай. Mobicom, Skytel, Unitel, G-mobile, F zone үүрэн холбооны бүх оператор үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн орон нутгийн мэдээллийн www.sainshand.gov.mn, www.dornogobi.gov.mn, www.sainshand.net, "Сайншанд-Инфо" сүлжээ www.sainshand.tk блогууд тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Сайншанд руу залгахдаа төмөр замын утас бол: 02522-4****, цахилгаан холбооны утас бол 01522-2**** гэж залгана.


Зам тээвэр, дэд бүтэц

Сайншандаар Бээжин-Улаанбаатарын төмөр зам болон Мянганы замын босоо тэнхлэг дайрч өнгөрнө. Улаанбаатараас Сайншанд хүртэлх галт тэрэгний билет том хүн нэг талдаа 7,400 төгрөг (2009 оны 7 сарын байдлаар). Улаанбаатар-Сайншанд, Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын-Үүдийн галт тэрэг өдөр бүр явдаг. Иргэдийн чөлөөтэй зорчих боломж маш сайн бүрджээ.

Сайншанд хот 12 км засмал замтай. Зам засвар арчлалтын компанийн харьяанд байдаг. Төвийн эрчим хүчний системд болон шилэн кабелийн магистраль шугамд бүрэн холбогдсон, харилцаа холбоо, дэд бүтэц их сайн хөгжсөн, төвлөрсөн хот юм. Хотын төрхийг олсон хөдөөгийн суурин юм.

Сумын цэвэр усны шугамын нийт урт нь 42.8 км бөгөөд үүнээс 25км Зээгийн хөтөлийн, 11.5 км төв, 6.3 км салбар шугам гэж хуваагдаж байна. Зээгийн хөтөлийн шугам нь гүний З худагтай, хоёр нь ЭЦВ-1О, нэг нь ЭЦВ-8 насостой. Мөн ус шахах З станцтай. Станц тус бүр 100 м3 усан сантай, ус шахах 2 насостой ажиллаж байна. 1998 онд 1000 мм3-ын усан санг Зээгийн хөтөлийн шугамтай холбож ашиглалтад оруулсан.

Түүх соёлын дурсгалууд

Сайншанд сумын нутагт түүх, соёлын дурсгалт газрууд нилээд байдаг бөгөөд үүнээс дурьдвал Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн бясалгал үйлдэж, ном хурдаг байсан 108 агуй, Дэлхийн эерэг энергийн төв "Шамбалын орон", "Хамарын хийд", "Ханбаянзүрх хайрхан", "Хашаатын говь", Үлэг гүрвэлийн чулуужсан ой, эртний хотын туурь зэрэг Аймгийн тусгай хамгаалалттай түүхэн дурсгалт газруудыг нэрлэж болно. Сүүлийн үед Сайншанд суманд Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан уулд түшиглэн аялал жуулчлал хөгжиж байна.

Байгалийн баялаг

Байгалийн баялагийн хувьд барилгын материал, элс, шавар, өнгө бүрийн шороон будаг, жонш, цеолит, хүрэн нүүрс, нефтийн ордуудтай, булаг шанд, заган ой, бударгана, таана, хүмүүл, гоёо, хармаг, тэмээн хөх зэрэг байгалийн баялаг ургамал, жимс арвинтай, говийн унаган дүр төрх нь гадаад дотоодын ажил хэрэгч хүмүүс, жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг билээ.

Мэдээллийг "Wikipedia чөлөөт нэвтэрхий толь бичиг"-ээс авав.

Сэтгэгдлүүд:

 
 
 
 
left direction
right direction
Дорноговь аймаг дахь ХАҮТанхим
“ Гайхамшигт тун“ ХХК